Барын сүүл үү батганын толгой юу
Чөтгөр гэж, урьд шөнө ерөөсөө амарч чадсангүй. Хачин юм зүүдлээд ч байгаамуу, бодоод ч байгаамуу, төсөөлөөд ч байгаамуу бүү мэдээ. Шөнө ямар ч удаан өнгөрөв, ойрдоо эдийн засгийн хямрал гээч эрлэгийн элч нь амьтай голтой болгонд үйлчилж байх шиг байна. Иргэдийн гар дээрх бэлэн мөнгө усанд хаясан чулуу шиг алга болчихоод нэг үгээр хэлбэл 90-ээд оны картын үе рүү эргээд ороход бэлэн шахуу болж, тэр үеэс ялгарах ялгаа нь тоолдог хэдэн юм нь байвал нохойн битүү туурай, ногоон хурганы арьснаас бусдыг авахад нүд цавчихаас амархан болж. За даа худалч хүн бол тэр туурай муурайг нь нүд ирмэхийн зуурт л олоод авчихаж байгаан байх. За бас болоогүй орон тооны цомхотгол гээч хар нөмрөгтэй ажлын ДОХ нь захирлын цаана нуугдаад хүн бүрийг хазгай гишгэхийг нь шүлсээ гоожуулан, нь нүд цавчилгүй алгаа үрэн отож зогсох. Хэнэггүй бөгөөд хэрэггүй зантай чадвартай мэт боловч хариу ганц үггүй ажилтан энэ мэт зүйлд анхны харцаар хүлэгдэх бололтой догоо. Сайн нь муугаа цэвэрлэдэг нь хорвоогийн жам юм хойно зах зээлд ийм асуудал байх нь зүй ёсны хэрэг бизээ. Намайг жоохон байхад картын үед ус хүртэл талонтой, айлууд биенээсээ 20литр, 40литрийн талон түр зээлнэ, дэлгүүрт өглөөнөөс эхлэн оочерлож, ухаан алдах нэг нь алдаж, гишгүүлэх нэг нь гишгүүлж, уйлах нэг нь уйлж, гуйх нэг нь гуйж энэ тэн үхэхээс бусдыг үзэж байж 2 ширхэг талх аваад л гэрийн зүг хар хурдаараа жирийж, замдаа унагаачих вий хэмээн нүдний цөцгий мэт нандигнан элгэндээ тэврэн гүйдэг байж билээ. Тэгэхэд хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхдөг байсан, 10-аадхан жилийн дотор ямар их зүйл өөрчлөгдөө вэ. Тэр үед үнэн хөдөлмөрөөрөө одоогийн амьдралаа босгож байсан бол одоо бол мөнгө нь л байвал ордон харш, тэр бүү хэл 5 одтой зочид буудалд очоод сарвалзаж хөлөөрөө толгой хийж толгойгоороо юу ч хийж болж байна. Тэр үед бүгд дээр дооргүй яг адилхан байсан бол 10 жилийн дараа гэхэд газар тэнгэр шиг баян ядуугийн туйл болчихсон цохиж явахын. Аяаяа санаа алдаад ч яахын билээ, саалаа замын эрхээр саллаа гэж донгосоод ч яахын билээ. туулын мөсийг долоосон гэж жиргээд ч яахын билээ, долоо хэмжжийж ганц огтолсон гэж хашгираад ч яахын билээ. Олон сайхан залуусаа хүмүүжүүлж байгаа нь энэ гэж шоронд турааж алсан, олон ч хүний алаг үрийг хал үзүүлж хашир суулгана гэж цэргийн ангид нь гутамшигтайгаар эр бие, эрдэнэт биеийг нь нөгөө ертөнц руу тонилгож байсан. Ардчилал бидэнд эрх чөлөөг авчирсан шигээ өлсгөлөн гуйланчлал, авчирсан. Тэр үеийг давж чадсан хэдийч одоог хүртэл нэг л эвээ олохгүй унаж бүдэрч яваа нэгэн нэг бус байгаа. Нэг талаар тэдний арчаагүй иргэд, нөгөө талаар иргэдээ амаар нь шороо үмхүүлсэн төр буруутай. Хүн бүр хөгшийн залуу эр эм нялх балчир гэлтгүй их хотын гудамжаар биенийгээ дайрчих шахан зөрөлдөнө. Тэдний бодож буй зүйл нь утаа униар, өнөө маргаашийн хэрэгцээ, унд ус, хэдэн халтар төгрөг дөхөн ирж буй баяр, хэдэн цаас, түлээ мод. Амьдрал үргэлж сайхнаараа гээд л хөлөө чирээд дуулсаар байтал цаагуур нь амьдрал нь там болж байна. Өвчүүнийхээ цаагуур шидчих хүнс нь хор мор, бодис модис дүүрэн, авч байгаа цалин нь өнөө маргаашийн хэрэгцээнд хүрэлцэхгүй, хоолтой хоолгүй хонон байгаад ч хамаагүй цуглуулж хураан орох орон овоохой шовоодой босгох гэхээр доод тал нь 15 жил шаардагдана. Үүний тулд үхэр мал шиг ажиллахын хажуугаар, юу ч идэж ууж болохгүй, эсвээс мөнгө хорогдоно. 15 жил батганын толгой байхуу, 5 жил барын сүүл байхуу.Ахиухан цалин авахын тулд шал угаануу шанага тэврэнэ үү хамаагүй, өнөөдөр хэн яаж гэдэг нь гол бус хэн хэдийг гэдэг нь өнөөдрийн зах зээлийн хууль болчихсон бусуу.
Сэтгэгдэл:
Бичсэн: Зочин
цаг: 23:59, 2012-03-13 | Холбоос | |
Бичсэн: Зочин
цаг: 23:59, 2012-03-13 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих